Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК

"УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МЕНЕЖМЕНТ ҮЦК ХХК" НЬ БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТОМООХОН АЛХАМ ХИЙЛЭЭ.

Монгол Улс эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл хийж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокийг амжилттай ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын эрчим хүчний тогтвортой байдалд чухал хувь нэмэр орууллаа. Төв аймгийн Баянжаргалан суманд байрлах уг станц нь 600 МВт хүчин чадалтай бөгөөд эхний 150 МВт-ын блокийг 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн.

Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээ жил бүр 11.3 хувиар өсч байгаа бөгөөд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ашиглалтаар нийслэлийн эрчим хүчний дутагдлыг нөхөх, шинэ төслүүдэд найдвартай хангамжийг бий болгох боломж нээгдэж байна.

Станцын дараагийн ээлжийн блокуудыг 2025 онд II блокийн 150 МВт, 2027 онд III блокийн 150 МВт, 2028 онд IV блокийн 150 МВт ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийтдээ жилд 2.1 тэрбум кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой.

Төслийн хэрэгжүүлэлт нь 1000 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутгийн нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх бөгөөд Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн шинэ суурьшлын бүс бий болох боломжийг олгож байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтэд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатар, УБ Хөрөнгө Оруулалт Менежтентийн ҮЦК ХХК"-ын захирал Г.Гангамөрөн нар оролцсон бөгөөд энэхүү төслийн амжилттай хэрэгжилтэд оруулсан хувь нэмэр нь нийгмийн хариуцлагаа биелүүлэх, улс орны бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх том алхам болж байна. 

Цаашид, энэ төслийн амжилт нь илүү том бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж, эрчим хүчний салбар, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлэх болно.