ДЭЛХИЙН ХОТУУДЫН ЖИШГЭЭР УЛААНБААТАР ХОТ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БОНД ГАРГАЛАА.
Улаанбаатар хот анх удаагаа бонд гаргаж, нийслэлчүүдийн хувьд түүхэн үйл явдал тохиож байна.
Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын анхны орон нутгийн бондыг гаргаж буй. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн билээ.
"УЛААНБААТАР БОНД" нь жилийн 17.2%-ийн хүүтэй, хөрөнгө оруулагч хүссэн үедээ арилжаалах боломжтой, хүүгийн орлогын албан татвар нь бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс 50%-иар бага буюу 5% гэдгээрээ онцлогтой юм.
Тус бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь “Тогтвортой хөгжлийн зорилт”, Монгол Улсын бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050” болон Нийслэлийн 2021-2024 оны бодлого, стратеги төлөвлөгөөнд нийцэж байгаа бөгөөд хотын нэн тэргүүний асуудлууд болох замын түгжрэл, агаарын бохирдол, боловсролын хүрэлцээ зэргийг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, аюулгүй ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Улаанбаатар хотын бондыг 2023 оны 10 дугаар сарын 2-4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаална.
"УЛААНБААТАР БОНД"-ЫН НӨХЦӨЛ
Бондын үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх дүн: 277.8 тэрбум төгрөг
Хүү: 17.2 хувь
Хүү төлөх давтамж: 6 сар тутам
Хугацаа: 24 сар
Хүүгийн орлогын татвар: 5 хувь