“УЛААНБААТАР БОНД”-ЫГ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд шинэчлэгдэн батлагдсанаар Улаанбаатар хот санхүүгийн зах зээлд бонд гаргах эрхтэй болсон билээ. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж санхүүжилтийн илүү үр ашигтай арга хэрэгсэл ашиглан дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх, санхүүгийн хувьд бие даан ажиллах боломжтой болж байгаа юм.
Тэгвэл Монгол Улсад анх удаа буюу Нийслэлийн засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий “Улаанбаатар бонд”-ыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нээлттэй хүрээнд хөрөнгө оруулагчдад үе шаттайгаар санал болгохоор шийдвэрлэсэн билээ.
Тус бондын тэргүүлэх андеррайтераар БиДиСЕК ҮЦК ХК, дэд андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК болон TиДиБи Секьюритис ҮЦК ХХК ажиллахаар шалгараад байгаа бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр НЗДТГ болон андеррайтерууд тус бондыг хөрөнгө оруулагчдад санал болгох, амжилттай гүйцэтгэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэн, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулах юм.